Сэтгэлд хурсан гунигт бодлуудыг
Сархадны амтаар тайвшруулна …
Эргэх цагийн урсгалд мартагдах дурлалыг минь
Эгчмэд бүсгүйн харц ухааруулан сэргээж өглөө
Санамсаргүй танилцсан тэр бүсгүйн тухай бодол
Санаанаас гарахгүй бодогдоно, миний хайртай цуг
Хоёр хүнд зэрэг дурлаж болдог юм болов уу
Хөөрүү зангаар би дэмий догдлон сууна уу
Тэврэн үнсэхийг хүснэ, холдож салмааргүй байна
Төөрч будилсан зүрх тайтгарал хүсэн гуйна
Надтай хамт үлдээч, тэмүүлж би танд дурлая
Нууцхан хүслээ нээж, хонгор минь гэж хэлье
Гараас чинь атгаж, мөрөөдөл чинь болохсон
Гайхамшиг гэдгийг сэрээж дурлалын бурамд жаргахсан
Дараа уулзъя баяртай гээд хацар дээр минь үнсэхэд
Догдлон анхны хайрлуугаа яардаг байсан дурсамж сэргэнэ …
Гэртээ харихад хаалга тайлах хонгорхон бүсгүйд би хайртай
Гараас чинь хөтлөөд хэзээ ч тавихгүй ганцхан чамдаа би хайртай
Уудам энэ хорвоог хамтдаа туулах мөрөөдөл минь чи
Унтах нойрондоо ч харамладаг танхил чамдаа би хайртай ….
Эгчмэд бүсгүйн тухай бодол энэ өдрийг сайхан болгоно
Эргэх цагийг зогсоогоод энэ л бүсгүйтэй хамтдаа алхахсан …
Хоёр хүнд зэрэг дурлаж болдог юм болов уу
Хөөрүү зангаар би дэмий догдлон сууна уу